2011-05-09
Ширээний теннисний спортын түүх

Ширээний теннисний спортын түүх

Ширээний теннисний спортыг яг хэдий үед хаана тоглож байсан талаар тодорхой баримттай мэдээлэл байдаггүй. Спортын түүх судлаачид тэр дотроо Ази, Америк болон английн судлаачид өөр өөрийн бүс орон нутагт үүссэн хэмээн тайлбарлаж түүнийг батлахыг оролдсоор байдаг.

Гэвч баримттай эх сурвалжаар ширээний теннисний спорт нь XIX зууны сүүлчийн хагаст Англи улсад тоглож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед төрөл бүрийн материалаар хийсэн дөрвөлжин хэлбэртэй цохиур, резин буюу үйсээр хийсэн бөмбөгөөр голдуу гадаа тоглодог байжээ. Анхны цохиур 49,5см урттай байжээ.

Ширээний теннисний спортын хөгжилд томоохон түлхэц өөрчлөлт оруулсан хүн бол Английн иргэн инженер James Gibb юм. Тэрээр 1890 онд Америкаар аялаж байхдаа тоглоомын дэлгүүрт целлоидон бөмбөг байхыг олж үзээд нилээд хэмжээтэйг худалдан авч Англид авчиржээ. Улмаар целлойдон бөмбөгний чанарыг сайжруулж үйлдвэрлэж үйсэн бөмбөгийг сольсон нь Англи даяар өргөн хэрэглэгдэх болсон. Целлойдон бөмбөгний ойлтоос гарч буй чимээнээс үүдэн J.Gibb ширээний теннисийг “ Ping Pong “ гэж нэрлэх болжээ. 1907-08 онд Америкийн ах дүү Parker “ Ping Pong “ гэсэн нэрийг хэрэглэх эрхийг авч 1 сая бөмбөгийг Англиас худалдан авч явсанаар Америк тивд орчин үеийн ширээний теннис “ Ping Pong “ нэрээр хөгжих үндэс тавигджээ.

XIX зууны сүүлчээр Англид анхны ширээний теннисний дүрэм бий болжээ. Тэр үед нэг үеийн тоглолт 30 оноогоор дуусдаг, давуулалтыг өөрийн тал дээр ойлгохгүй шууд тор давуулж хийдэг байжээ.

Анхны олон улсын тэмцээн 1901 онд Австрийн нийслэл Вена хотод болжээ. 1902-1911 онуудад Англид төдийгүй Европ даяар ширээний теннисний спорт зогсонги байдалд орсон. 1912 оноос дахин сэргэж анхны үндэсний хэмжээний ШТХ Англид байгуулагдсан. 1926 оны 1 сарын 15 нд ОУШТХ байгуулагдаж мөн оны 12 сард Англи улсын нийслэл Лондон хотод анхны ДАШТ таван төрөл дээр зохиогдож бүх төрөлд Унгар улсын тамирчид түрүүлж алтан медалиудыг авсан байна. 2001 онд Японы Осака хотод болсон ДАШТ хойш ДАШТ-ийг баг болон нэг бүрчилсэн тоглолтуудыг салгаж жил бүр ээлжлэн явуулах болсон. 2008 оны 2 сард Хятад улсын Гуанжао хотод ширээний теннисний ДАШ51 дахь удаагийн тэмцээн болсон.
Одоогоор ОУШТХ-д 198 улсын холбоод гишүүнээр элссэн байна.

Монголд Ширээний Теннисний Спорт үүсч хөгжсөн товч түүх

Хавтан дээр хуванцар цагаан бөмбөгөөр харилцаж тоглодог, үзэхэд өхөөрдөм хэрнээ тоглоход адармаатай, хүний хараа хурд, самбаа эвсэл, хүч ухаан уралдуулсан энэ спорт анх 50-иад оны эхнээс Гадаад Явдлын яам, Улсын хөгжимт драмын театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг цөөн хэдэн газар үзэгдэх болсон тэр цагаас монголчууд “ Ширээний теннис” тоглох болжээ.

Гадаад ертөнцтэй хэлхээ холбоо төдийлөн хөгжөөгүй, зөвхөн цөөн тооны, албан ёсны төлөөлөгч солилцох төдий гадаад харилцаатай байсан тэр үед хөрш орнуудад албан хэргээр зорчсон дипломат, урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан зарим хүн ширээний теннис тоглож байхыг анх харж, сонирхож, бага боловч тоглон суралцаж эзэмшсэнээ “ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнчлэн чухам л өвөрлөн ирж энэхүү гайхамшигтай спортын төрлийг Монгол улсад дэлгэрүүлсэн нь тэр байлаа.

Ширээний теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болжээ. Тэмцээн Голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд явагдаж цөөн хэдэн хүн оролцсоноос эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д. Эрдэнэсанаа нар тэргүүн байранд тус тус шалгарч анхны аваргууд болж байжээ.

Монголд ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо 1956 оны эцэс, 1957 он гэхэд ихээхэн өсч, теннисний ширээгүй томоохон албан байгууллага, сургууль бараг байхгүй болсон байв.

Ингээд удалгүй 1957 ондоо Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвонгийн санаачлагаар БТСХорооны дэргэд ширээний теннис сонирхогчдын анхны бүлгэм буюу клубыг байгуулж МУИС-ийн оюутан Нооной, Долгор, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн нарын цөөн хэдэн хүн тогтмол тоглон бэлтгэл сургуулалт хийх болжээ. Тэр цагаас бүлгэмийн гишүүдийн тоо тасралтгүй өсч 1959 оны 10 сар гэхэд бүлгэмд 17 хүн тогтмол хичээллэх болсон байна. Тэр үеийн теннисчид дундаа шилдгүүдээр Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвон, Бээжингийн их сургуулийг төгсгөөд ирсэн Д.Баньдхүү, МУИС-ийн оюутан Нооной, Хүчитбаатар, ХААДС-ийн оюутан Бор, Улсын драмын театрын хоёр Санжмятав, хөгжимчин Түмэндэлгэр, Цэрэннадмид, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн, Арван жилийн 1 дунд сургуулийн багш Цэндсүрэн, сурагч Д.Эрдэнэсанаа, 2 дунд сургуулийн сурагч Б. Нармандах, Батаа, Ц. Болд, Пүрвээ, 3 дунд сургуулийн сурагч Г.Нансал нар тодорч байжээ.

Монголд “ ширээний теннис” анх тоглоом гэдэг ойлголтын дор орж ирсэн ба уг тоглоомыг сонирхож тоглодог хүмүүсийн тоо богино хугацаанд аривжиж монголчуудын тоглох дуртай тоглоомын нэг болж чаджээ. Ингээд аажмаар ширээний теннисийг спортын төрөл болох утгаар нь сонирхож тоглодог хүмүүсийн тоо үлэмж нэмэгдэж өргөн олныг хамрах болсон учир бүлгэмийн гишүүд нэгдэн “ Ширээний теннис “ сонирхогчдын анхдугаар хурлыг 1959 оны 10 сард хуралдуулж “Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж, Холбооны даргаар С. Чойвон, Холбооны нарийн бичгийн даргаар Д. Баньдхүү нарыг тус тус сонгож, бүлгэмийг “ Төв Секц” хэмээн нэрлэжээ. / Спорт тоглоом, 1972 он Н.Дашням нар /

1957 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар улсын аваргууд болж байв.

Ширээний теннисний спортыг Монголд нэвтрүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж улмаар Дэлхийн холбоонд гишүүнээр элсүүлэх зэрэг Монголын ширээний теннисний холбооны тулгын чулууг тавих бага биш ажлыг ширээний теннисний спортод элэгтэй сонирхож тоглодог ахмадуудад гүйцэтгэж ирсэний дүнд ширээний теннис жинхэнэ спортын төрөл болох утгаараа манай оронд дэлгэрч цаашид хөгжих нөхцөл бүрдсэн юм.

Өнгөрсөн 50 шахам жилийн хугацаанд Монголын ширээний теннисний холбоо, ширээний теннисний багш дасгалжуулагчдын санаачлагаар ширээний теннисний спорт өндөр хөгжсөн орнуудын адил төстэй байгуулага, баг тамирчидтай ойр төхөм харилцаж, тэдний ажлын арга барил, баялаг туршлагаас суралцаж, мэргэлжилтэн багш урьж боломжийн хэр, хэлбэрээр хамтарч, хоршиж ажиллаж иржээ.

МБТСУХ-ны урилгаар 1959-1960 онд Монголд ирж ажилласан БНХАУ-ын өндөр зэрэглэлтэй багш Жан Юй Нин, Монголын ширээний теннисний анхны шигшээ баг, бүрэлдэхүүнийг 1961 онд БНХАУ-д хүлээн авч дэлхийн 26 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж ажилласан багш Чин Ши Жун нар Монголын ширээний теннисчдэд анхны суурь техник эзэмшүүлэх, спортын бэлтгэл сургалтын ажиллыг зөв гордилоор эхлүүлэж цаашид хөгжих онол практиктийн үндсийг тавих үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

1961 оны ДАШ тэмцээний үеэр хуралдсан ДШТХ-ны чуулганаас МШТХ-ны анхны ерөнхийлөгч С.Чойвонг ДШТХ-ны Хянан шалгах хорооны гишүүнээр сонгосон. Энэ нв Монгол улсын спортын түүхэнд болсон шинэ үйл явдал байв. Үүнээс өмнө Монгол улсын спортын аль ч төрлийн төлөөлөгч олон улсын спортын байгууллагын сонгуульд оролцон сонгогдож байгаагүй юм.

1960 онд анх удаа БНАСАУ-с тамирчдыг урин авчирч анхны хамтарсан бэлтгэл, нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү нөхөрсөг тэмцээнд манай улсын эмэгтэй 9 : 0, эрэгтэй 12 : 1 хожигдож байв. Монголын багаас Д.Баньдхүү нэг хожил багтай авч байв.

1960 оны 09 сарын 01 нд Үндсэний шигшээ баг 7 хүний бүрэлдхүүнтэй байгуулагдав.

1961 онд БНЧехсловак АУ, БНУАУ-ын баг тамирчид Монголд ирж хамтарсан бэлтгэл сургуулалт хийж байв.

1961 онд Монголын Бүх Ард Түмний анхдугаар Спартакиад ширээний теннис 3 төрөл дээр явагдаж анхны эрэгтэй аваргаар 15 настай, 10 жилийн сургуулийн сурагч залуу тамирчин Б.Амарсанаа, эмэгтэй .................. нар түрүүлж аваргын алтан медалийг зүүж байлаа.

1964 оны 4 сард Монголын шигшээ багийн тамирчид анх удаа Европийн хамтарсан бэлтгэл хийхээр БНЧАУ, БНУАУ, БНПАУ-ыг зориж байлаа.

1966 онд Монголын шишээ баг Азийн орнуудын Анхдугаар аварга шалгаруулах тэмцээнд орж манай эр баг 5 байрт, эр хос тоглолтоор Бямбажав, томбуу нар 52 хосоос 4 байрт орж анх удаа гадаадын тэмцээнээс диплом авчирч байв.

1970 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 28 багийн эмэгтэй 36, эрэгтэй 84 тамирчид спортын 5 төрөл дээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж байв.

МШТХ нь манай ахмад багш, тамирчдын хүч хөдөлмөрийн үрээр бусад орны ширээний теннисчидтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг уламжлал ёсоор хөгжүүлж ирэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсад БНХАУ-ын мэргэлжилтэн багш Ван Фу уригдан ирж ажилласны дээр БНСУ-ын иргэн 1988 оны дан хос тоглолтын олимпийн аварга эмэгтэй Ян Ён Жа, БНСУ-ын улсын шигшээ багийн гишүүн, 1990 оны Азийн тоглолтын багийн төрлийн аварга эрэгтэй Пак Жин Хиен нар Монголд түр ажиллаж амьдрах хугацаандаа манай теннисчидтэй байнгын холбоотой байж өсвөрийн теннисчдийг сурган хүмүүжүүлэх ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирэв.

Монголын ширээний теннисний холбоог үндэслэн байгуулагчдын нэг, улсын шигшээ багийн анхны гишүүн, дасгалжуулагч Д. Санжмятав нь Монголд ширээний теннисний спортыг хөгжүүлэх, багш дасгалжуулагч, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, өндөр ур чадвартай үе үеийн баг тамирчдыг сурган хүмүүжүүлэх талаар 50 шахам жил идэвхи санаачлагатай ажиллаж энэ үйлсэд өөрийн бүхий л идэвхит амьдрал, хүч хөдөлмөрөө зориулсаныг төр засаг үнэлэн Алтан Гадас одонгоор шагнасан билээ. Тэрбээр Монгол улсад анхны хувийн ширээний теннисний клуб болох “ Мон-Сол” клубыг Солонгос улсын иргэн Кан Ен Суны хамт байгуулан ажиллуулж олон шинэ мастеруудыг төрүүлсэн юм.

Үүний зэрэгцээ өнгөрсөн хугацаанд БТСХороо, клуб бүрийн дэргэд товчоо, анхан шатны хамтлагуудын дэргэд 40 гаруй бүлгэм дугуйлан ажиллаж тэдгээрт 10 гаруй мянган сонирхогчид хамрагдан бэлтгэл сургууль хийж байгаагаас спортын зэрэг цолтой тамирчид, шүүгчид 600, спортын мастер 40 байна.

1990 оноос хойш Монгол улсын эдийн засгийн системд гарсан шинэчлэлт өөрчлөлтийн үйл явц спортын талбарыг тойрч гарсангүй мөн л хамран хувиргаж бүтэц зохион байгуулалтын их өөрчлөлтөд хийв. Үүний дүнд Монголд ширээний теннисний клубууд шинээр төрөн гарч өнөөдрийн байдлаар хот хөдөөд “ Тэмүүлэл”, “ Старс”, “Сол-Мон”, “ ОЧ “ Дархан, Эрдэнэт, Баянчандмань зэрэг 10 шахам клуб идэвхтэй ажиллаж байна. Эдгээр клубд Б.Дэлгэрбуян, Д.Баяраа, С.Галбадрах, Д.Энхбаатар, Т. Мэргэн, Ч.Цагаанцэцэг, Баярсайхан зэрэг дадлага туршлагатай ахмад тамирчид, мастерууд болон өсч яваа шилдэг тамирчид, багш дасгалжуулагчид тогтмол ажиллаж олон сайн, спортын ирээдүйтэй тамирчдыг сургаж, хүмүүжүүлж байна.

Сэтгэгдэл:


баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 22:30, 2016-01-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax