Грект овог, аймгуудын хоорондын мөргөлдөөнийг намдаах зорилгоор анх МЭӨ 884 онд Элида хаан, Спарт омгийнхонтой эвийн гэрээ байгуулсны баяраа тэмдэглэжээ. Хожим үүнээс улбаалан Олимп уулын хормойд МЭӨ 774 онд эртний олимпийн анхны наадам зохиогдсон байна. Олимпийн уул нь Зевс бурханы эзэмшил, бишрэлт нутаг байв. Олимпийн наадам дөрвөн жил тутам зохиогдож, Грекийн хуанлаар огторгуйд сар бүтэн үзэгдэх өдөр, намар буюу хавар болдог байв. Олимпод оролцогчид Олимпод оролцох тамирчид, зохиолч хөгжимчин, гүн ухаантан, улс төрчид, худалдаачид, усан цэргүүд олимп болохоос сарын өмнө Элидаас Олимпийн уул руу 57,7 км замыг маршаар аялж очно. Хөтөлбөр нь тус тусын ажил мэргэжлээр ном хаялцахаас гадна 192,27 метрийн гүйлтээр уралдана. Наадамд оролцогчдыг бүрээн дуугаар алдаршуулан зарлаж, үнэнч шударга оролцох тангараг өргүүлдэг байжээ. Олимп нь бүх Грекийн наадам байсан бөгөөд олимп болох үед овог аймгуудын хооронд дайн самуунтай байсан бол дайнаа зогсоодог байлаа. Тэр үед зөвхөн эрчүүд уралдаан тэмцээнд оролцдог байв. Олимпод оролцогчдоос зөвхөн нэг хүн шалгаруулж “Олимпчин” гэдэг цол олгож, олив модны навчин эрх /хэлхээ/- г Зевс бурхны өмнө ёслол төгөлдөр гардуулдаг байжээ. Хожим Олимпийн наадам Грекийн хэмжээнээс хальж, хүрээгээ тэлэн Хар тэнгис, Эгийн тэнгис, Африкийн хойт хэсэг, Газар дундадын тэнгисийн баруун талыг хамрах болжээ. Олимпийн наадмын төрлүүд Олимпийн эхний 17 наадам нэг өдөр зөвхөн гүйлтээр зохиогддог байсан бол М.Э.Ө 708 онд /18-р олимп/ хөтөлбөрт нь бөхийн барилдаан, таван төрөлт нэмэгдэж, 688 онд /23-р олимп/ нударган зодоон нэмэгдснээр 2 өдөр үргэлжлэх болжээ. 680 онд /25-р наадам/ морин спорт /2 дугуйтай тэргэнд 4 морь хөлөлж 24 тойрог /13,5км/ уралддаг болжээ. Эртний олимпийн наадамд 632 оноос /37- р олимп/ хүүхэд оролцдог болсон байна. Эртний грекүүд олимпийн наадмыг найрамдлын баяр, газар дэлхий дээр аюул заналхийлэлгүй, энх тунх амьдрахын баталгаа гэж хүндэтгэдэг байжээ. Олимпийн наадмыг хэн хориглосон бэ ? Эртний олимпийн наадам 287 удаа зохиогдоод 394 онд Ромын феодалын хаанчлалын үед 1- р Феодосе хааны зарлигаар хориглосноор 15- р зууны турш чимээ тасарч, хожим түүхчид, археологичдийн эрэл хайгуулын буянаар түүхэн замналыг нээн илрүүлж, одоо ч судалгааны ажил үргэлжилсээр байна. |